Баянзүрхийн буган чулуун хөшөөд
Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий. Энэ хөндийд нийт 30 гаруй буган чулуун хөшөө байдаг. Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм.
Дээрх дурсгал буй газар орон нь эртний түүх соёлын дурсгалуудаар арвин баялаг. Тухайлбал буган хөшөөдөөс чанх өмнө зүгт овоолоостой хүрээ далантай хэд хэдэн том хиргисүүр, 10 гаруй булш буй бөгөөд энэ нь Баянзүрхийн хөндий Баруун Монголын эртний түүх соёлын чухал бүс нутаг агсныг илтгэнэ.
Хойт Сэнхэрийн агуйн зосон зургууд
Агуй нь Манхан сумын төвөөс баруун хойт зүгт 25 км-т Хойт Сэнхэрийн голын хөвөөнд оршино. Их, бага хоёр агуйнаас бүрдэнэ. Их агуй зүүн талынхаа хунхад алдарт зургаа хадгалан үлджээ. Агуй нь гантиг чулуунаас тогтсон бөгөөд уулын хормойгоос 100 орчим метрийн өндөрт байрлана. Агуйн дотор талын өндөр нь 15 метр. Агуй багтаамжийн хувьд асар том бөгөөд түүнд ороход эртний томоохон сүм юм уу, эс бөгөөс орчин үеийн томоохон театрт орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Агуйн 4 хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, савгат хирс, цэн тогоруу, зээр, могой зэрэг амьтдыг маш уран хийц, зохиомжтойгоор улаан зосоор зурж дүрсэлжээ. Хойт Сэнхэрийн агуйн зураг нь урлаг судлаачдад уран зургийн галерей, түүхчдэд түүхийн үнэт сурвалж, бичиг үсэг судлаачдад бичиг үсгийн цагаан толгой, палеонтологичдод эртний амьтны хүрээлэн, математикчдад тооны дугаарлал, тооллын систем болон бидний үед уламжлан иржээ .
|
Хойт Сэнхэрийн агуйн зосон зургууд
No comments:
Post a Comment